Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Үрийг дэвтээх
     Үрийг талбайд суулгахын өмнө 22-25 хэм усанд дэвтээж хөөлгөвөл амархан соёолно. Үрийг дэвтээж хөөлгөх хугацаа, зарцуулах усны хэмжээ өөр өөр байна. Тухайлбал, байцаа, өргөст хэмх, салат, улаан лууван, тарвас, амтат гуаны үрийг 6-8 цаг, шар лууван, улаан лооль, яншуй, манжин, сонгинын үрийг 48-50 цаг, вандуй, шошийн үрийг 2 цаг, сонгинын үрийг 40 хэм усанд 8 цаг тус тус байлгаж хөөлгөнө.
     Үрийг чийглэж дэвтээхдээ паалантай юм уу шилэн сав, шаазан аяга ашиглах нь тохиромжтой. Цэвэршүүлсэн үрээ дэвтээх савандаа хийж дараа нь далдартал нь усаар дүүргэнэ. Усыг үе үе сольж бага багаар нэмбэл зүгээр. Шар, улаан лууван, манжин, яншуйны үрийг дэвтээхдээ үрийн жингийн 80-100 хувьтай тэнцэх ус, өргөст хэмх, амтат гуа, тарваст 50-60 хувь, шош, вандуйд 100 хувь, улаан лоолинд 75-80 хувьтай ус хийж модоор үе үе зөөлөн хутгана. Энэ явцад ус үрд шингэж, тэрээр дэвтэн хөөж эхэлснээс ус дундарч үр ил гарч ирдэг. Тэр үед нь усаа бага зэрэг нэмэх замаар хөөлтийг түргэтгэнэ. Дэвтээж хөөлгөсөн үрийг нойтон даавуун дээр 3-5 мм нимгэн үеэр дэлгэж дээрээс нь таараар бүтээж 20-25 хэм дулаанд байлгахад ургаж эхэлнэ.
     Тариалалтад бэлтгэж дэвтээсэн үрийг тарихын өмнө наранд тавьж халаавал ургалт түргэснэ. Ургамлын үрийг дэвтээж хөөлгөхдөө чийгтэй элсийг мөн ашиглана. Шар лууван, яншуй, манжин, сонгино зэрэг удаан ургадаг ургамлын үрийг самбай юм уу даавуун хүүдийд хийж 18-20 хэм бүлээн усанд нэг цаг орчим хугацаанд байлгаад уснаас гаргаж усыг нь шавхраад модон хайрцагт 3-5 см зузаан үеэр дэлгэн асгаж тааран шуудайгаар хучиж 18-20 хэм дулаанд 3-4 хоног байлгахад үр нилээд хэмжээгээр хөөдөг. Савныхаа ёроолд эхлээд чийгтэй элс нимгэн үеэр асгаад дээр нь хүүдийтэй үрээ тэр янзаар нь тараан байрлуулж дээрээс нь мөн нойтон элсээр хучаад орхиход үрийг чийг алдагдахгүй, харин ч нэмж ургадаг.
     Ургамлын ургах бүрэн хугацааг хамрах дулаан хангалтгүй байдаг нутгуудад тариалах үрийг урьдчилан дэвтээж бэлтгэвэл ургац эрт гүйцэж арвин ургац авч болохыг анхаарах хэрэгтэй.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats