Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Шилэн дарлагад үрслэг ургуулах
Шилэн дарлагад үрслэг ургуулахдаа шууд хөрсөнд нь юм уу мөн тусгай бэлтгэсэн модон хайрцаг (1.1-р зураг)-т үрээ суулгана. Хөрсөнд суулгахын тулд 150-160 см өргөн, 60-70 см гүн шуудуу бэлтгээд түүнийгээ зузаан банз юм уу тоосгоор хашиж жилийн жилд ашиглаж болно. Эсхүл өргөн шилжүүлэх бололцоотой шилэн тагтай модон хайрцгуудыг хийж эгнүүлэн тавьж ашигладаг. Шилэн дарлагын хөрс нь малын бууцны ялзмагаар үүссэн дулаан болон нарны  гэрлийн  улмаас халж  байдаг.  Иймээс үрслэгээ ургуулах хөрсөө дараах жорын аль нэгээр бэлтгэх хэрэгтэй. Үүнд:
а)  Хонины бууц, адууны хомоол 40 хувь, үржил шимт хар хөрс 50 хувь, модны үртэс 10 хувь, хэрвээ эдгээрийн нийлбэр 100 кг бол дээр нь суперфосфат 400 г, шүвтрийн шүү 100 г-ийг нэмж сайтар хутгаж холино.
б)  Шинэ ялзмаг 50 хувь, үржил шимт хар хөрс 30 хувь, модны үртэс 20 хувь дээр 1 м.куб орчимд шүвтрийн шүү 1.5 кг, суперфосфат 3.5 кг, хлорт кали 0.5 кг.
Энэхүү хоёр жор байцаан үрслэг ургуулахад тохиромжтой.
в) Өргөст хэмхийн үрслэг ургуулахад адууны хомоол 9, ширэг 10, үртэс 1, үхрийн баас 2 хувиар бэлтгээд 1 м.куб хар шороотой хөрстэй хольж хутган дээр нь шүвтрийн шүү 1.5 кг. суперфосфат 2-3 кг, хлорт кали 0.7 кг-ийг нэмж өгнө. Энд орцын хувиар илэрхийлсэн хэмжээг олохдоо 1 м.куб шорооны жинтэй харгалзуулан авч үзэх хэрэгтэй.

г)  Улаан лоолины үрслэг ургуулах бол ургамлын болон бууцны ялзмаг, хүлэр, ширэг, модны хагас ялзарсан үртсийг адил хэмжээгээр холиод дээр нь мөн төдий хэмжээний үржил шимт хар шороо хутгана. Модны үртэс нэг хувин авсан гэвэл суперфосфат 10 г, сульфат кали 10 г, мод ба аргалын үнс 30 г-ийг тус тус нэмдэг.
Үрслэг бэлтгэх хөрсийг бэлтгэж ханатал сайтар усалсны дараа дээр дурьдсаны дагуу ариутгах, дэвтээх, бордох зэргээр бэлтгэсэн байцааны үрийг 3x1, 3x1.5 см, улаан лоолийг 7x7, 8x8 см хэмжээгээр 0.8-1.0 см гүнд суулгана. Харин цаасан уут юм уу хайрцагт суулгах бол 2 ш үрийг нэг дор хийгээд соёололт эхэлмэгц сайныг нь үлдээж мууг нь устгана.
Шилэн дарлагад үрийг суулгасны дараа 50-55 хэм халуун усанд улаан өнгөтэй болтол хольж найруулсан марганц хүчлийн калийн уусмалаар услахад үрслэгээ хурдан болдог. Улаан лооль дулаанд дуртай учраас дарлагын дотор талд 23-25 хэм дулаантай байх орчин бүрдүүлэх хэрэгтэй. Үрслэг гаргах явцад гэрэл дутах юм уу дулаан ихэсвэл тэрээр хэт өндөр болно. Ер нь үрслэг аль болох нам, навч олонтой юм уу том байвал цаашдаа ургацын хэмжээ өсдөг. Иймээс үрслэгээ ургуулах дулаан нийт ургамлын хувьд үр соёолж эхэлтэл 20-25 хэм, дараагийн долоо хоногт 6-10 хэм, ургаж гүйцтэл 16-18 хэм байх нь тохиромжтой.
Үрслэг ургуулж байгаа хөрсийг 7 хоног тутам сийрүүлж 18-20 хэм бүлээн усаар усална. Үрслэгийг 7-14 хоногтойд нь цөөлж 5-6 см зайгаар шилжүүлэн суулгана. Мөн малын бууцны шүүсийг устай 1:9 харьцаагаар хольж 1-2 удаа бордоно. Үрслэг 4-5 навчтай болох үед шилэн дарлагын тагийг сөхөж, дулаан үед бүр мөсөн авах замаар гадаад орчинд дасган улмаар задгай талбайд шилжүүлж суулгана. Байцаан үрслэг гаргаж авахад 45-50 хоног, бусад ургамал 40-45 хоногийн хугацаа шаардах ба талбайд шилжүүлж суулгах үед Байцаан үрслэг 18-20 см өндөр, 6-7 навчтай, улаан лоолины үрслэг 20-24 см өндөр, 7-8 навчтай болсон байвал үрслэгээ зөв болжээ гэж үзнэ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats