Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Чацаргана
     Хувийн хашаа, жижиг талбайд чацаргана тарихдаа заавал урьдчилан хагалалгүйгээр тарихын өмнөх жилийн намар 40-50 см диаметртэй, 35-40 см гүн нүх ухаж бэлтгэнэ. Нүх хүнд шаварлаг хөрстэй бол ухаж гаргасан шороондоо 2:1:1 хэмжээгээр бууц, элс хольж хөрсөө сайжруулж бэлтгэнэ. Сийрэг саарал хөрстэй бол элс заавал холих шаардлагагүй. Харин нүх бүрт 4-8 кг бууц, 200-400 г суперфосфатыг заавал хийж өгнө. Чацаргана тарихаар бэлтгэсэн талбайгаа хэд хэд услах ба суулгацаа нүхэнд суулгахын өмнө сайжруулж бэлтгэсэн хөрсөө нүхний гүний гуравны нэг хувь хүртэл дүүргээд 40-60 л ус хийж усална. Бутны эгнээ хооронд 4 м, бут хооронд 2-2.5 м зайтай, өөрөөр хэлбэл нэг бутанд 6 м.кв-аас багагүй хэмжээтэй тэжээлийн талбай оногдохоор тарих бүдүүвчээ сонгож авна. Чацарганын суулгацыг хавар, намрын аль ч улиралд тарьж болох бөгөөд хавар тарих бол бутны нахиа хөөхийн өмнө буюу 4 дүгээр сарын сүүлч, 5 дугаар сарын эхээр, намар тарих бол газар хөлдөхөөс 20-40 хоногийн өмнө буюу 9 дүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхээр тус тус тариална. Нүхэндээ суулгацаа суулган үндэсний үзүүрээс дээш 10-15 см зузаан нойтон шороогоор булаад суулгацаа тойруулан зөөлөн гишгэж шороогоо нягтруулах чигжинэ. Суулгацыг тарьсан өдөртөө ус гүйх шан ба нүхээ усаар дүүргэн сайтар усална. Ус газрын хөрс рүү шингэж дууссаны дараа суулгацын хазайлт, үндэс нь ил гарсан эсэхийг шалгаж, хэрэв зөрчил илэрвэл, гадас шааж уяж тэгшлэх, бага зэрэг шороо нэмж өгөх зэргээр хамгаалалтыг сайжруулна. Чацарганын тарихдаа 8-10 эм суулгацад нэг эр суулгац байхаар бодож түүнийг ноёлох салхин талд нь суулгана.
     Цаашид хөрсийг нь үе үе сийрэгжүүлэх, хөрсний чийглэгийг 60-80 хувьд тогтмол барьж байхаар тарьсан жил нь 8-аас доошгүй, дараагийн жилүүдэд 6-аас доошгүй удаа усална. Усалгааг аль болохоор суваг, шуудуу ашиглаж хийх хэрэгтэй бөгөөд 9-р сарын сүүлч, 10 дугаар сарын эхээр хөрсийг нэвчтэл норгон усалж өгнө. Цаашид бутыг арчлах, бордох, услах агротехникийг [1]-д заасны дагуу баримтлах хэрэгтэй. Чацарганын сортуудын дотроос ОХУ-ын “Дар катуни”, “Масличная”. “Новость Алтая”, “Щербинка”, “Золотой початок”, “Обильная”, эрдэмтэн Б.Лааган, Б.Бат-Очир нарын гаргаж авсан “Улаангом”, ‘Тэс”, “Чандмань” сортууд манай орны аль ч нутагт сайн ургаж жил бүр арвин ургац өгөх боломжтой бөгөөд эдгээр сортууд зэрлэг чацарганатай харьцуулахад өргөс багатай өгөх ургацын хэмжээ илүү байдаг.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats