Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Үхрийн нүд
     Тариалахаар урьдчилан бэлтгэсэн талбайд 50-60 см гүн, 40-50 см диаметртэй нүх ухаж 2-4 кг хөх бууц, 75 г фосфорын бордоог нүхнээс гаргасан шороотой хольж нүхний гүний гуравны нэг орчимд хийж суулгацаа суулгаад улмаар 50-60 л усаар нүх нэг бүрийг усалж бууцтай хольсон шороо, хуучин үртсээр 5-6 см зузаан хучиж гишгэж нягтруулна. Тарьснаас хойш 7-10 хоноод усалж суулгацын угийн хэсгийн нахиануудыг үлдээж оройн хайчаар тайрна. Хэрэв суулгацыг намар суулгасан бол дараагийн хавар таналт хийх бөгөөд эхний жилд 8-12 см зузаан шороогоор хучиж өвөлжүүлнэ. Үхрийн нүд чийгтэй, сүүдэр газарт илүү ургадаг учраас хурц наранд хэт халахаас болгоомжилж хаалт хийх юм уу доод хэсгийг нь шүршиж услах хэрэгтэй. Үхрийн нүдний бутыг 10 хоног тутам 50-70 л, 10 дугаар сард 80-120 л усаар усалж газрын хөрсийг 1-1.5 м гүнд чийг нэвчтэл цэнэг усалгаа хийж өгвөл дараагийн жилд эрт цэцэглэж арвин ургац өгөхийн үндэс болно.
     Үхрийн нүдний иш зүг бүртээ тэлж ус чийг, хөрсний шим тэжээл арвин байхыг шаарддаг учраас бут ба эгнээ хоорондын хөрсийг жилд 4-5 удаа сийрүүлж, эгнээ хооронд 25-30 см гүн гишгэж хагалах, зуны эхний хагаст 25-50 гр азотын бордоогоор юм уу малын хөх бууц, шувууны сангасыг усанд хэд хоног байлган дэвтээгээд усаар шингэлж бордоно. Хурц нартай ба хүйтэн үед бутыг таар, шуудайгаар хучиж, хамгаалах хэрэгтэй. Манай орны нутгийн төв, хойт, баруун зүүн хэсэгт ОХУ-ын “Рубин”, “Кокса”, “Приморский чемпион” зэрэг сортууд бүрэн сайн ургана. Үхрийн нүдний бутнаас салаалж газрын хөрснөөс шинээр ургасан нэг настай, 2-3 мөчиртэй салааны үндсийг эх бутны үндэснээс салган хөрсөнд булж дахин давтан усалж, бордох замаар шинэ суулгац гаргаж авах өргөн боломжтой. Мөн түүнчлэн эх бутнаас ногоон мөчрийг тайран авч суулгац бэлтгэж талбайгаа өргөтгөж болдог.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats