Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Давжаа алим.
Давжаа алим. Түүний мод нь 20-30 жил амьдрахдаа 4-6 м хүртэл өндөр ургадаг, сахлаг сайхан мөчиртэй, гэрэл, дулаан, чийг их хэмжээгээр шаарддаг олон наст ургамал бөгөөд алимын модтой харьцуулахад хүйтэн даах чадвар сайтай учир манай орны өвлийн хүйтэн нөхцөлд ил өвөлжиж чадна. Торниун алимын нэг адил залгаж үржүүлэх аргаар гаргаж авсан суулгац ба үрээр тарина. Тариалах арга нь торниун алимын модыг тариалдгийн нэгэн адил хоёр хүн хамтран ажиллах шаардлагатай бөгөөд түүнийг ургаж эхэлсний дараа зүг бүртээ адилхан салаалсан сахлаг мөчиртэй байлгахын тулд танаж хэлбэржүүлэх, хорхой шавьжаас хамгаалж ишийг шохойдох, гол ишийг нарны цонолтоос хамгаалахын тулд аль болохоор нам иштэй бут хэлбэртэй болгох зорилт тавих хэрэгтэй. Манай орны цаг уурын их хуурайшилттай 3 дугаар сараас 5 дугаар cap, 9 дүгээр сараас 11 дүгээр cap хүртэлх хугацаанд өдөрт нь халж, шөнөд нь хүйтэрдгээс модны гол ишний наранд ээвэр тал наранд түлэгдэж өгөршиж холтос нь хуурснаас үзүүрийн хэсэг болон мөчирт очих чийглэг буурч мод үхэх ч тохиолдол гарна. Иймээс 10 л усанд 2.5-3 кг шохой, 300 г зэсийн байван, 1 кг шар шавар хийж сайтар хутгаад модныхоо гол ишийг багсаар шохойдож өгвөл түлэгдэлт багасаж мод урт наслах боломж бүрдэнэ. Модыг суулгацаар тарьснаас хойш 4 жилийн дараа ургац өгч эхэлнэ.
Залгаж тариалах нь цэцэрлэгч, агрономичоос тодорхой дадлага, ажлын урлаг шаардана. Давжаа алимын хувьд нахиа залгах арга их дэлгэрсэн арга юм.
Үрээр тарихын тулд жимсний махлаг эдээс ялгаж авсан үрийг чийглэг, агаарын солилцоо сайтай байранд хатааж муутгалгүй хадгалж байгаад намар тариалах бол урьдчилан усалж бэлтгэсэн хөнгөн элсэнцэр хөрсөнд 4-5 см гүн ховил гаргаж түүндээ үрээ цувуулан байрлуулж хөрсөөр хучаад дахин дахин сайтар усална. Хавар тариалах бол үрийг чийгтэй элсэнд 45-60 хоног байлгаад дараа нь модон саванд том ширхэгтэй элстэй 1:3 харьцаагаар хольж модон саванд хийж 3-6 сэрүүн байранд тарих хүртлээ хадгалж байгаад бэлтгэсэн хөрсөнд шилжүүлэн суулгана. Алим, давжаа алимын суулгац бэлтгэх. тариалах, услах, бордох, арчлах аргын талаар Д.Жаргалын зохиосон “Жимс, жимсгэнэ” номоос уншаарай.
Давжаа алим хүйтэнд тэсвэртэй, ургац арвинтай, харьцангуй олон жил ургац өгдөг таримал учраас сургуулийн газрын туршлагын талбай, албан газар, хувь хүмүүс тариалахад ихээхэн тохиромжтой. Түүний жимс нь 9-р сарын эхээр боловсорно. Судлаачдын тэмдэглэснээр Халх голд давжаа алимын Добрыня сортын нэг мод 20 насандаа 122 кг ургац өгсөн байна. Түүний жимсний найрлагад хүчиллэг 12-28 хувь, чихэр 8-12 хувь, витамин 30-40 мг агуулагдана. Жимсийг хайчаар түүх нь тохиромжтой. Жимсээр нь төрөл бүрийн чанамал, шүүс, ундаа, дармал зэргийг хийхэд тохиромжтой. Давжаа алимын сортуудаас Ранетка, Пурпуровая, Сеянец чудовщина, лалетино, Янтарка Алтайская, Вкусное, Долгое, Непобедимая Грелля зэрэг сортууд манай орны хөрс, цаг уурын нөхцөлд нилээд тохирсон баялаг ургац өгдөг сортууд юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats