Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төмс
Дэлхийн олон үндэстэн ястны 700 гаруй нэрийн хоолны найрлагад ордог учраас хоёрдогч талх хэмээн нэрлэгддэг төмс нь уулын ар хөндий, голын дагуух үржил шимт хөнгөн элсэнцэр хөрсөнд сайн ургана.
     Тариалалтад эрүүл, гэмтэлгүй 50-80 г жинтэй төмсийг ялган авч ариутгасны дараа голоор нь юм уу диагональдан хувааж 3-4 цаг наранд ил тавьж бэлтгэнэ. Түүнийгээ хөрсний 10 см гүнд 7-8 хэм дулаан болох үе буюу тариалангийн гол бүсэд 5 дугаар сарын 10-15-ны орчим урьдчилан бэлтгэсэн талбайдаа 8-14 см гүнд, эгнээ хооронд 60-70 см, ургамал хооронд 30-50 см зайтайгаар суулгана. Төмсийг тарихын өмнө сайн шатсан үнсэнд пургиулж хутгахад ургац нэмэгдэж амт чанар нь сайжирна.
     Хэрвээ төмс тариалж байгаа хөрс хүнд шавранцар бол үрийг 8-9, дунд зэргийн бол 10-11, хөнгөн элсэнцэр бол 12-14 см гүнд булна. Төмсний ургацад үрийн жин, урьдчилан бэлтгэл чухал үүрэгтэй. Үр том, олон нүдтэй болох тутам ургацын хэмжээ өсдөг. Хэрвээ эрт ургацын төмс ургуулах бол тариалахаас 20-30 хоногийн өмнө үрийг хуваалгүйгээр гэрэлтэй дулаан байранд юм уу гэрэлтэй нөмөр газарт 1-2 үеэр дэлгээд үе үе эргүүлэх замаар соёолуулна. Соёо нь ногоон өнгөтэй, бадируун 0.5-1.0 см урт болсон үед талбайд суулгана. Төмсийг зарим хүмүүс хамарласан шороонд тарих гэдэг. Тэгэх огт шаардлагагүй. Тэгшилж бэлтгэсэн талбайдаа эгнээ болон ургамал хоорондын зайг нарийн баримтлан тариалах хэрэгтэй. Тарьснаас хойш 20-25 хоноод соёолж эхэлнэ. Соёолохын өмнө гадаргуун өрөмтсөн хэсгийг тармуураар арилган сийрүүлж, төмсний иш 15-25 см болох үед 10-12 см, цэцгийн булцуу үүсэх үед 10-15 см зузаан үеэр төмсөө манаж өгнө.
     Ургалтын хугацаанд 6-8 удаа услахын зэрэгцээ эрдэс бордоог хамтатган хийнэ. Усалгаа бүрийн дараа 1-2 хонуулаад хөрсний өнгөн хэсгийг сийрэгжүүлнэ. 8-р сарын сүүлчээр төмсний ишийг хадах юм уу, нугалж хэвтүүлэхэд төмс томорч хураахад бэлэн болно.
     Манай оронд төмсний сортуудаас эрт ургацын Астила, Приекульский ранный, дунд ургацын Завхан-35, Шийр-6 болон орой ургацын Берлихинген сортууд амжилттай ургаж байна. Агротехникийн шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд 270-363.9 ц/га ургац авна. Төмсийг хурааж авсны дараа 3-5 хоног дэлгэн хатааж хальсыг бэхжүүлэн дараагийн жилд тариалах үрийн болон идэшний төмсийг ялган зоорилно.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats