Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жимс, ногоо хадгалах зоорь бэлтгэх
Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд температурын тодорхой горимд тухайлбал 0-5 хэмд хадгалагддаг жимс, ногоог зөв барьсан зоорьтой байж жилийн турш хэрэглэж чадна. Олон жилийн дунджаас үзэхэд газрын хөрсөн дор байх температурын дээрх горим нутгийн хойт хэсэгт 3.6-4.2, дунд хэсэгт 3.4-4.0 өмнөд хэсэгт 3.0-3.6 м гүнд байдаг ажээ. Хөрсний ус хол, өндөр дэнж газарт дээрх хэмжээгээр ухаж зоорь бариад түүнийгээ технологийн дагуу ашиглаж сурах хэрэгтэй. Зоорийг гэр, байшингийн шалан дор барьсаар гүний хэмжээг багасгаж чадна.
Гэр байшингийн шалан дор зоорь барихдаа зуух, пийшингийнхээ баруун юм уу зүүн талд түүний сууринаас 40-60 см-зайд ирмэг нь таарч байхаар 50x60, 60x60 см хэмжээтэй дөрвөлжин өрх гаргаад түүнээс доош 1.5-2.5 м гүн нүх ухна. Зоорины урт, өргөнийг гэр сууцны талбайгаас ихгүй байхаар өөрсдөө сонгож авах бөгөөд дунджаар урт 1.5-2.0, өргөн 1.2-1.5 м байх нь тохиромжтой. Барилгын шалан дор барих зоорины урт өргөний хэмжээг ихэсгэж болно. Гэхдээ хэтэрхий том бол өвлийн цагт хүйтэн, жижиг бол багтаамж муутай, хадгалахад хоорондоо харш ногоонууд дэндүү ойр байрлахад хүрнэ. Нүх ухахдаа ханыг дээрээс доош бага зэрэг налуулан ухвал ухаж байх үед юм уу ашиглалтын үед ханын шороо нурахаас хамгаалдаг.
Нүхийг ухахад гарсан шороог зөөж зайлуулаад нүхний дотор талыг 5 см зузаан банзаар бүрэн доторлож ёроолоор нь 5 см зузаан үеэр хуурай элс дэвсэж хананд нь сараалж модон тавиурууд хийж өгнө.
Хэрэв зоорио хэтэрхий том ухсан бол ил хөрсөнд ойр талын модон доторлогооны цаана 10-15 см зузаан үеэр үнс, сүрэл хийж чигжинэ. Барилгын доорхи зооринд агаар сэлгэх яндан гаргана. Яндангүй хийсэн зооринд хадгалсан ногоо амархан муудна. Гэр, байшингийн доорхи зоориныхоо шалан дээр төмсөө шууд асгаж лууванг элстэй хайрцагт, бусад ногоо, жимсийг тавиур дээр орж хадгална.
Зоорины нүхийг ухахдаа гэр барихаас өмнө буюу байшингаа шаллахын өмнө хийж дуусгах бөгөөд зоорь болгохоор ухсан нүх байнга хуурай байвал зохино. Гэрийн зоорийг зуны цагт борооны ус орохооргүйгээр хамгаалах хэрэгтэй. Зоорь руу орж гарах шатыг тагнаас намхан, босоогоор тавьж бэхэлдэг.
Хэрэв сууцны барилга барихдаа зоорийг тусад нь хийхээр шийдсэн бол түүнийг дараах байдлаар хийж гүйцэтгэнэ. Ингэж барьсан зоорийг хашаан доторх зоорь гэнэ.
Хашаан доторх зоорийг хөрсний ус хол, нөмөр товгор газар амыг нь ноёлох салхины дагуу гаргаж барина. 2.5-3 м гүн, 3-4 м урт, 2.5-2.8 м өргөн нух ухаж банз шургаагаар хананаас 15-20 см зайтай доторлоод завсраар нь нүүрсний үнс, сүрлээр чигжиж дүүргэнэ. Шалан дээр нь сүрэл 10 см зузаан элс дэвсэж дулаалсан байна. Дээврийг газрын хөрснөөс 40-60 см өндөрт гарган шургааг банзаар доторлож төмөр бетонон хавтангаар хучиж дулаална. Бетонон хавтан дээр үнс, сүрэл 0.8-1.0 м зузаан өсгөж 10-15 см зузаан үеэр шавардана. Хөдөө орон нутагт шавардлагын дээд талд ширэг тавьж дулаалгыг нэмж болно. Ухсан нүхний хажуу талын хоёр хананд 1 м тутамд агаар солилцооны яндан гаргаж, түүнийгээ сайтар дулаална. Янданг хүйтэн үед хааж, дулаан улиралд нээж агаар оруулна. Зоорины хаалгыг хүйтний улиралд салхи нэвтэрүүлэхгүйгээр сайтар дулаалж үүдэнд нь төмс, ногоог түр хадгалахад зориулж мод юм уу тоосгоор бага шиг амбаар барьж өгвөл тун сайн болно. Нилээд хэмжээний талбайд ногоо тариалсан юм уу ахиухан ногоо хадгалах шаардлагатай бол өмнө нь олон газарт баригдаж амьдрал ахуйд хэрэглэж үр дүнгээ өгсөн 20 тн багтаамжтай зоорийг 11 м урт, 7 м өргөн, 3 м гүн ухаж барина. Зоорь барих талбайн хөрсний ус 5 м-ээс гүнд байрлах ёстой. Хаалга гаргахад зориулсан налуу сувгийг 2.5 м өргөн, 3.5 м урт ухаж бэлтгэнэ. Зоорийг 40 см өргөн түүхий тоосго өрөөд завсарт нь үнс хийж доторлосны дараа 10 м урт, 6 м өргөн, 2.2 м өндөр 138 м.куб багтаамжтай болно. 2.2 м ,өндөр өрсөн тоосгон ханандаа 5 см зузаан банзыг 3 м тутамд шигтгэн суулгаж дээр нь 20x20 см дүнзээр хоёр хажуугийн ханыг холбож мөн ийм хэмжээний дүнзэн модоор голд нь хоёр багана хийж тулна.
Улмаар зоорины уртын дагуу 11 м урт 20x20 см дүнзэн дам нуруу тавьж түүнд нуух гаргаад 5 см зузаан банз зайгүй хадаж дээвэрлэнэ. Дээврийн дээд талд барилгын хар цаас тавьж нүүрсний үнс 30, сүрэл лай 30, үнс 20 см үеэр давхарлан хуурай хөнгөн хөрсөөр хучна. Дээврийн зузаан 1.1 м орчим болох ба ус, чийг, хүйтэн нэвтрүүлэхгүй.
Зоорины хаалганаас гадагш гарах налуу замын хоёр ханыг 25 см зузаан цементээр цутгаж дээрээс нь 5 см-ийн банзыг зайгүй тавьж хар цаасаар бүтээж үнс 20, шороо 15-20 см асгаж хучна. Зоорины хамгийн гадна талын хаалгыг 1.2 м өргөн 1.8 м өндөр хийнэ. Энэхүү хаалгыг гаргахын тулд зоорины аман талд үүдний амбаар барьж өгнө. Гадна, дотоод хаалганы аль алийг сайтар дулаалж өгнө. Зоорины аль нэг тал болон мухрын хананы дотор талд хананаас 2 м зайтай, 1.2 м өндөр банзан хашлага, нөгөө хананд байцаа, манжин, лууван, сонгино, сармис хадгалахад зориулан сараалжин модон тавиур хийж өгнө. Хэрэв зоорины хоёр хананы дотор талд гаргасан хашлаганд төмс багтахгүй, нөгөө хананд гаргасан тавиур дээр тавих ногоо бага бол модон хашлагыг уг ханын тал хүртэл сунгаж болно. Хийсэн зүйлээ эргээд харахад хашлаганы нийт урт (8+2+4)=14 м болсон байна.
Уг зооринд ногоо зоорилсны дараа -10 хэм хүртэл хүйтэнд янданг онгорхой, дулаан үед хаалгыг хаахгүй байлгах бөгөөд дээрх дурьдсан хэмжээнээс илүү хүйтрэх үед янданг хааж өдрийн дулаанд онгойлгож байна.
Аль ч төрлийн зооринд үндэс үрт ногоог навчит ногоотой нэг дор хураавал амархан муудна. Тухайлбал, төмсийг байцаатай нэг дор байлгаж огт болохгүй. Хооронд нь хаалт хийж өгөх юм уу зоорин дотроо өрөө гаргаж өгнө. Ногоо хадгалж байх үед зоорины дотор талын температур, чийглэгийг тогтоосон температурт барьж байх шаардлагатай. Энэ нь хадгалах ногооны төрлөөс хамаарч бага зэрэг хэлбэлзэлтэй байх боловч температур 0+3 хэм, зоорин доторх агаарын харьцангуй чийгшил 80-90 хувь байх нь аль ч ногоонд тохиромжтой горим байдаг.
Тогтоосон горимд барихын тулд зооринд термометр, психрометр зэрэг багаж тавьж нарийн хянаж чийглэг бага бол төмпөн саванд ус хийж тавих, усанд норгосон даавуугаар ногоог бүтээх, их бол зоорины 2 талын яндан, хаалга, тагийг онгойлгох, төмөр хувинд галын цог, шаардлагатай бол цахилгаан халаагуур тавих, том зоорийг галлах зэргээр температурыг тохируулна.
Чийг, дулаан их үед хадгалж байгаа ногоонууд ургах, соёолох, удаан байвал ялзарч муудах, температур хэт нам бол ногоо хөлдөх, хайрагдах аюулд өртөнө. Хүйтэвтэр үед гэр, байшингийн пийшинг сайтар галлан зоорины тагийг онгойлгож дулаан оруулна. Тэгэхдээ энэ бол сайн арга биш. Ер нь жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоог зооринд удаан хадгалахын гол зорилго нь түүний амьсгалын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож ичмэл байдалд оруулах явдал юм. Иймээс зооринд тавьсан гэрлийг зөвхөн шаардлагатай үед асаагаад бусад үед унтрааж харанхуй байлгах, температур агаарын огцом өөрчлөлтөнд оруулахгүй байх нь чухал.
Зоорь чийгшил ихтэй, хөрсний ус нь ойр бол түүний ханаар мөөгөнцөрүүд гарч ирдэг. Үүнтэй уялдаж ногоо ялзрах, хөгзрөх, эвгүй амт үнэр орох явдал гарна. Чийглэг их үед төмс, манжин, байцаа, сонгино, сармис зэрэг үндэс үрт ногоонуудад нойтон ялзрал гэдэг өвчин гардаг. Ийм үед ялзарч муудсан ногоог яаралтай ялгаж зайлуулах, зоорины доторх дулаан, чийглэгийг тогтоож барих арга хэмжээг даруйхан авна. Удаан хадгалах ногоог 7-10 хоног тутамд шалган үзэж муудсан хэсгийг түүж зайлуулахгүй бол бусдадаа амархан халдварлан түгдэг.
Зооринд хадгалж байгаа ногоо дууссаны дараагаар түүнийг сайтар цэвэрлэн хатааж утах юм уу шүрших аргаар ариутгана. Утаж ариутгахдаа зоорины 1 м.куб эзлэхүүн тутамд 30-35 гр хүхэр орохоор тооцож төмөр хувин юм уу төмпөнд нүүрсний цогон дээр шатааж утна.
Шүршиж ариутгахдаа 40-45 гр хлорын шохойг нэг литр усанд найруулаад шүршигч (автомакс)-ээр зоорины хана, шал, тавиур, таазыг шүршинэ. Утах ба шүршихийн өмнө зоорин доторх дулааныг 15 хэмээс багагүй байлгаж хаалга салхивчийг хаасны дараа утах, шүрших аргаар ариутгал хийгээд 2-3 хоног битүү хэвээр нь байлгана. Химийн аргаар зооринд ариутгал хийхэд танай гэр орныхон үр хүүхдүүд, мөн хэрэглэж байгаа хоол хүнсийг чинь хордуулж магадгүйг анхаарч маш хянамгай хандана. Хэрвээ дээрх аргаар ариутгал хийх боломжгүй бол ногоо зоорилохоос 10-14 хоногийн өмнө угаалгын нунтаг найруулсан халуун усаар сайтар угааж арчаад, 350-400 гр хатаасан хуурай шохойг 10 л усанд найруулж бүх талбайг будна. Зоорины дотоод чийглэг, температурын горимыг сайн барьж чадвал ногоо 2, 3 дугаар cap хүртэл хэвийн сайн байснаа 3 дугаар сарын сүүлч, 4 дүгээр сарын эхээр тайван байх үе шат нь өнгөрч ургах, соёолох, ялзрах, өвчлөх явдал илэрдэг учраас тэр үед нь анхаарлаа хандуулж ногоотойгоо ажиллах хэрэгтэй.
Жимс, жимсгэнийг манай орны нөхцөлд зоорилж хадгалах биш, харин боловсруулж хадгалах нь илүү үр ашигтай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats