Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Дарс бэлтгэх арга
     Боловсорч гүйцсэн жимс, жимсгэнийг иш навчнаас нь салгаж авна. Цэвэрлэсэн жимс, жимсгэнийг жижиглэнэ. Их хэмжээний жимс, жимсгэнийг жижиглэгч ашиглан (үүнийг өөрсдөө амархан ийж болно) бага хэмжээний жимсийг махны машин, эсхүл модон торхонд хийж бяцална.
   Алим, давжаа алим, лийрийг жижиглэн хэрчинэ. Чавга, интоор, усан үзэм, жүржийг доторх үрийнх нь ясыг няцлахгүйн тулд болгоомжтой нүднэ. Усан үзмийн үр нь дарсанд нялуун амт оруулдаг бол жүржийнх гашуун болгодог.
    Жимс, жимсгэнийн жижиглэсэн бяцармагийг модон торх, паалантай буюу шилэн саванд савлаад базаж шахна. Зарим жимс, тухайлбал үхрийн нүд пектиний бодисоор (царцмаг, цэлцэгнүүр үүсгэгч бодис) баялаг байдаг тул жижиглэсэн бяцармагаас шүүсийг нь ялгаж авахад хүндрэл үүсгэдэг. Ийм жимсний бяцармагаас зөвхөн 25-30%-ийн шүүс ялган авч болно.
    Харин исгэсэн бяцармагт исэлтийн үед бий болсон спиртийн нөлөөллөлөөр пектинт бодис тундасжиж, өтгөн хэсэг нь хялбархан шахагдаж шүүс нь амархан ялгардаг. Ийм тохиолдолд шүүсний гарц 2-3 дахин их байна. Тиймээс бяцармагийг шахахын өмнө үүний хагастай тэнцхүйц ус мөн 1 кг бяцармагт 100 гр элсэн чихэр ноогдохоор авч нэмнэ.
    Бяцармагаас шүүсийг илүү сайн шахахын тулд савтай нь 2-4 хоног 20°С хүртэлх температурт байлгана. Энэ хугацаанд жимс, жимсгэнийн хальсанд байсан мөн агаараас орсон зэрлэг хөрөнгөгүй үрэнцрүүд бяцармагийг исгэнэ.
    Гадаргуу дээр бөмбөлөг үүсэж нийтдээ хөөсөрсөн маягтай болох нь исэлт явагдаж эхэлснийг гэрчилдэг.
Исэлдэж дууссан бяцармагийг уутанд хийж бяслаг шахах мэт эсхүл шанаган шүүлтүүрээр мөн гараар шахаж болно. Уутыг хоёр давхарласан марлаар хийнэ. Шүүсийг дахин нарийн шүүлтүүрээр оруулж үйрмэг эд, томхон хэсгүүдээс ялгаж тунгалагжуулдаг.
    Ялгаж авсан шүүсийг ариутгаж бэлтгэсэн саванд хийгээд цэвэр хөвөн таглаагаар таглан сэрүүн газар хадгална. Шахсан шаарыг сул модон торхонд хийж ус нэмнэ. Усны хэмжээ нь ялган авсан шүүсний хагастай тэнцүү байж болно. Төрөл бүрийн жимсний шүүс, ус, чихрийн холих хэмжээг 4.1-р хүснэгтээр үзүүлэв.
Ус нэмсний дараа сайтар хутгаж дахин 2-3 өдөр хадгална. Ингэж дахин боловсруулалт хийснээр шааранд үлдсэн сахар, хүчил, будагч, үнэр, амт оруулагч болон бусад үнэт бодисыг усны үйлчлэлээр хөөн гаргаж ялгаж авна. Гарган авсан шүүсийг анхны ялгасан шүүстэйгээ хольж хутгана.
Дээрх аргаар 1 кг жимс, жимсгэнээс дунджаар 1 литр шүүс ялган авдаг.
Нийлүүлж хутгасан шүүсийг шилэн сав, царс модон торхонд юүлж элсэн чихэр нэмнэ. Амт сайтай, хатуу дарс гаргахад шинэ жимс,  жимсгэнэд  агуулагдаж  байгаа  хүчлийн  хэмжээ  ихдэж харин  сахрын  хэмжээ арай  дутдаг  байна.  
     Жимсний  дарс  нь 0.7-1 %-ийн хүчил агуулж байх ёстой. Дээрх аргаар тухайлбал эхний ялгаж авсан шүүсийг хоёрдох удаагаа ялган авсан шүүсээр шингэрүүлэн хүчлэгийн хэмжээг бууруулж болно.
Зарим тохиолдолд хүчлэгийн ихтэй шүүсийг бага хүчиллэг бүхий шүүстэй хольж болно. Жишээлбэл: лийр, чавга, давжаа алим, алимын шүүсийг нимбэг улаалзгана, тошлойн шүүсээр шингэлж болно.
1 литр шүүсэнд 1.0 хэм спирт үүсгэхэд 17 гр сахар шаардагдана. Гэтэл ихэнх жимс, жимсгэнэ хадгалалтын хугацаа даах чадвар сайтай хатуу дарс бэлтгэхэд шаардагдах хэмжээний чихэрлэг агуулж чаддаггүй байна.
Иймд шүүсийг эсгэхийн өмнө элсэн чихэр нэмж өгнө. Элсэн чихэр нэмэхдээ түүний 5-6% нь хөрөнгөгүй үрэнцэрийн тэжээл, эд эсийнх нь үржил хөгжилд зарцуулагдаж үлдсэн хэсэг нь исэлтийн явцад спирт, нүүрсхүчил болон бусад дагалдах бодис үүсэхэд ашиглагдана гэдгийг тооцох хэрэгтэй.
Энэ аргаар бэлтгэсэн дарсыг өдөрт бага хэмжээгээр (100-250 гр) хэрэглэхэд тэрээр хоолны шингэцийг түргэлүүлж, биеийн алжаалыг амархан тайлдаг.

4.1-р хүснэгт
Гэрийн нөхцөлд жимс, жимсгэнийн дарс бэлтгэхэд 1 литр жимсний шүүсэн
дээр нэмэх ус, элсэн чихрийн хэмжээ


 Жимс, жимсгэнийн нэр
 Цэвэр шүүсэнд нэмэх усны (литр)
 Хольсон нэмэх элсэн чихрийн хэмжээ (кг)
1. Тошлой
2. Анис
3. Интоор
4. Усан үзэм
5. Лийр
6. Нэрс
7. Гүзээлзгэнэ
8. Тошлой
9. Нимбэг
10. Бөөрөлзгөнө
11. Чацаргана
12. Давжаа алим
13. Чавга
14. Үхрийн нүд
15. Улаалзгана
16. Нохойн хошуу
17. Алим
1.0-0.5
0.5-1.0
0.5-1.0
0.5-1.0
1.0
0.5
0.5
0.5-1.0
1.0
0.5-1.0
0.5
1.0-1.5
0.5-1.0
1.0
0.5
1.0-1.5
0.5-1.0
0.4-0.5
0.4-0.5
0.3-0.4
0.4-0.5
0.4-0.5
0.4-0.5
0.3-0.4
0.4-0.5
0.4-0.5
0.3-0.4
0.3-0.4
0.4-0.5
0.3-0.4
0.4-0.5
0.4
0.4-0.5
0.3-0.4

     Зарим хүмүүс гэрийн нөхцөлд дарс бэлтгэхдээ исэлтийг түргэн болгох, түүний градусыг өндөржүүлэхийн тулд талхны хөрөнгө /дрожжи), улаан буудай хольдог. Энэ нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг учраас дарсыг зөвхөн жимсний шүүсэн дээр элсэн чихэр хийх замаар бэлтгэх нь зүйтэй.
    Эсгэхэд хэрэглэх элсэн чихрийг шүүсэнд хийж сайн уусгана. Гэхдээ бүх элсэн чихрийг шууд хийх шаардлагагүй. Учир нь чихрийн концентраци хэтэрвэл эсгэх процессыг удаашруулдаг, Иймд нэмэхээр авсан элсэн чихрийн тал хувийг шүүсэнд уусгаж торхонд хийгээд хөвөн бөглөөгөөр бөглөнө.
     Жимсний шүүс, дарс бэлтгэхэд элсэн чихрээс гадна зөгийн балыг ашиглаж болдог. Зөгийн балны орцыг элсэн чихрийн адил авна. Элсэн чихэр, зөгийн бал хоёрыг хамт хэрэглэж болно. Үүний тулд эхний удаа зөгийн балыг, хоёр дахь удаад нь элсэн чихрийг нэмэх, эсхүл эсрэгээр ч хийж болно.
    Уг аргаар бэлтгэн эсгэхэд ид исэлт явагдах үедээ хөөсөрч саган савнаасаа хальж болзошгүй учир модон торх, шилэн савны эзлэхүүнийх нь 3/4 хүртэл хэмжээнд дүүргэдэг. 5-10 хоногийн дараа эхний хийсэн элсэн чихэр (зөгийн бал) исэж дуусахад исгүүрээс бага зэргийг таслан авч өөр саванд хийж үлдсэн элсэн чихрээ нэмээд сайн уусгаж буцаан юүлнэ. Юүлэх үед савны гадна ханаар асгарсан шүүсэнд цууны бактери (ян) үржиж улмаар исэж байгаа дарсанд орж, гарах бүтээгдэхүүний чанарт муугаар нөлөөлдөг. Тиймээс чихэр уусгасан шүүсийг нэмж дуусмагц эх савны гадна ханыг усаар зайлж, цэвэрхэн хуурай алчуураар сайтар арчина.
Исэж байгаа дарсыг битүү таглаж болдоггүй, учир нь исэлтийн явцад ялгарах нүүрс хүчлийн хийн хуримтлал ихсэж, торх, шилэн савыг зад цохих буюу хагалж болзошгүй юм. Хөвөн бөглөөгөөр бөглөхөд нүүрс хүчлийн хийг гадагшлуулах мөн агаарын бохирдлоос хамгаалах ач холбогдолтой байдаг.
     Хоёрдогч элсэн чихэр буюу зөгийн балыг нэмсний дараа савтай дарсыг эсгэлтийн тусгай зориулалтын тагаар тагладаг. Үүнийг бэлтгэхийн тулд буцалгаж, утаж ариутгасан таглааг резинэн эсвэл “П” хэлбэрийн шилэн гуурсны диаметртэй адил нүхлэн гуурсны нэг үзүүрийг шургуулж савтай дарсаа таглана. Гуурсны гадагш гарсан нөгөө үзүүрийг савтай усанд дүрж орхино. Гуурс орсон нүх савны амсрыг лааны тос, баримлын шавраар битүүлэн шавж өгнө. Ингэснээр агаар орох боломжгүй болж, исэлтийн явцад үүсэх нүүрсхүчлийн хий гуурсаар дамжин аягатай усан орж бөмбөлөг үүсгэх замаар гадагшилна.
     Исгэлтийг цэвэр агаартай, 15-20°С-ийн тогтмол температуртай өрөөнд явуулбал сайн чанарын дарс гарган авч болно. Нүүрс хүчлийн хий ихээр ялгарах учир өрөөг байнга агааржуулах хэрэгтэй. Исэлт зөв явагдаж байгаа тохиолдолд 10-15 хоног маш хүчтэй исэж цаашид удааширсаар үл мэдэгдэх төдийгөөр 15-20 хоног үргэлжилнэ.   Ер нь исэлт удааширлаа гэхэд  1.5-2 сарын хугацаанд бүрэн явагдана. Хэрэв исэлт хэт удааширвал дарсны тусгай хөрөнгө ашиглан хурдасгана.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats