Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төмс
     Түүнийг хураасны дараа дэлгэж хатаагаад зоорилохын өмнө хальсжилтыг шалгана. Хэрэв төмсний хальсыг хуруугаараа нитгэрч үзэхэд хальс нь амархан зулгарч байвал дутуу хальсжсан, зулгарахгүй бол хальсжсан гэж үзэж хадгалалтад шилжүүлнэ. Хадгалах төмс хайрагдаагүй, гадаргуудаа шороо наалдаагүй, механик гэмтэл аваагүй, цагирган ялзрал болон питовтороор өвчлөөгүй байх шаардлагатай. Хадгалах төмснөөс хэд хэдэн дээж авч хутгаар зүсэн үзэхэд дотор талдаа ягаан өнгийн дугуй зураастай болсон байвал цагирган ялзралттай, гадаргуун хонхойсон хэсэг зөөлөрсөн бол питовтороор өвчилжээ хэмээн үзнэ. Энэхүү хонхор нь яваандаа хөгцөрч, улмаар идээлж буглана. Ийм төмс хадгалалт даахгүй. Хальс нь шалбарах зэргээр гэмтсэн төмсийг 18-20 хэмийн бүлээн усаар угааж шорооноос нь цэвэрлээд наранд сэврээж тавина. Наранд удаан байлгаж хэт халаавал өнгөн хэсэгтээ ногоорч хүнсэнд хэрэглэх боломжгүй болдог. Иймээс зооринд оруулахын өмнө шуудайлж сэрүүвтэр байранд хадгалж өлчиржүүлсний дараа дахин ялгалт хийж хадгалбал өвөл хаврын турш удаан хадгалах боломж бүрдэнэ. Төмсийг зооринд гудамжлан ухсан нүхэнд хөрсөн дээр нь шууд асгаж сүрлээр бүтээх юм уу эсхүл шуудайлж хадгална. Хэрэв шуудайлан хадгалж байгаа бол давхарлан тавьж болохгүй. Хайрцаглан хадгалах бол 0.8-1 м-ээс өндөргүй, хана ёроолыг сараалжилсан модон хайрцаг хэрэглэнэ.
     Гэр, байрны доод талд гаргасан зоорь бага хэмжээтэй бол төмсийг аль нэг буланд нь шууд газарт асгаад хадгалж болно.
Төмс нь +1-ээс бага хэмд хайрагдаж +3-аас дээш хэмийн дулаанд соёолдог. Иймээс 1-3 хэмд, 85-95%-ийн харьцангуй чийглэгтэй орчинд хадгална. Хадгалалтын эхний 15-20 хоногт амьсгалалт явагдсанаас халдаг учир өглөө оройн сэрүүнд хаалга, таг, салхивчийг онгойлгох, чийг даасан байдалтай болбол ялгаж хатаах хоол хүнсэнд даруй хэрэглэх арга хэмжээ авна.
    Зооринд заасан хэмжээнээс чийглэг их үед цан хүүрэг цохиж нойтон ялзралд орох ба бага бол хорчийж хатсанаас хуурай ялзралд орно. Хуурай ялзралд орсон төмс хуурай шар ногоон өнгийн хөгзөнд баригдаж амт, чанар нь эрс муудна.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats