Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мөөгний тарьцыг суулгах, ургуулах.
     Чанар сайтай бэлтгэсэн дэвсгэр хөрс, мөөгний тарьцтай үед их хэмжээний ургац авч болох боломжтой боллоо гэсэн үг. Мөөг тариалахад төвөг бэрхшээл нилээд тохиолдоно. Үүний нэг нь мөөгний ялаа, шумуул хүлэмжид орвол түүнийг амархан сүйтгэнэ.
     Мөн хүлэмж дотор хадгалагдаж байсан өвчин үүсгэгч, хортон шавьжийн үр өндөгнөөс дэвсгэр, хөрс халдвар авдаг тал бий. Ийм учраас суулгалт хийхийн өмнө хүлэмжийн хана, дээвэр, шалны хэсэг болон хайрцаг сав, багаж хэрэгслийг нэг бүрчлэн цэвэрлэж ариутгана. Ариутгаж цацахад зориулж гипохлорид натрийн 5-10 хувийн уусмал (онцгой тохиолдолд), 2-5%-ийн формалин, 4-8%-ийн карболинөзеум, 2-4-ийн лизолом эсвэл лизлин, утахад зориулж формалин (40%-ийн 2 формалин дээр 200 г хлорын шохой нэмэхэд 100 м.куб байрыг ариутгана.) спиртээр ноцдог жижиглэсэн хүхрийг тус тус ашиглаж болно. Формалин 16 хэмийн дулаанд ууршиж эхлэх учир түүнээс өндөр температурт ариутгал хийнэ. Хүхрийг шатаахад түвэгтэй бол гал үлээгч (паяльник, гар хөөрөг) хэрэглэнэ. Ариутгалын бодис олдохгүй нөхцөлд хүлэмжийн дотоод бүх гадаргууг зөвхөн паяльникаар төөнөх маягаар ариутгаж болно.
     Мөөгний тарьцыг мэргэжлийн аж ахуй, мөөг тариалж буй байгууллага, хувь хүмүүсээс авна. Тарьцыг шилэн саванд хийж хөргөгчид хадгалж байгаад суулгахын өмнөх өдөр тасалгааны температур буюу 18-20 хэм дулаантай орчинд гаргаж тавина.
     Суулгалт хийхдээ шилэн савнаас сэрээгээр татан гаргаж жижиг өөдсөн хэлтэрхийнүүдийг гараар бөөгнүүлж тахианы багавтар өндөгний хиртэй болгоод, том хэсгийг тэр хэвээр нь хөрсөндөө 5-7 см гүнд хооронд нь 20 см зайтайгаар суулгана. Суулгахдаа зүүн гараараа хөрсөө өргөж нөгөө гараараа тарьцаа байрлуулна. Дараа нь зүүн гараараа өргөсөн дэвсгэр хөрсөө дээр нь тавиад зай гаргахгүйн тулд алгаараа дээрээс нь зөөлөн дарж өгнө. Барагцаалбал нийт суулгах тарьцын жингийн 15 хувьтай тэнцэх хэмжээний үйрмэг тарьцыг хөрсний нийт гадаргуугаар жигдхэн цацаад дараа нь хоёр гараараа болгоомжтой дарна.
     Харин үрээр тарьж байгаа бол ургуулах дэвсгэр хөрснийхөө дээд талын 10 см давхаргыг хуулж аваад тариалах үрийн 40 хувийг жигд тарааж цацаад хөрсөө 5-8 см зузаантайгаар дээрээс нь тавьж нягтруулалт хийсний дараа үрийн 40 хувийг цацаж хөрсний үлдсэн хэсгийг жигд тараан байрлуулж үлдсэн үрийг жигд тарааж цацаад нийт хөрсөө хоёр гарынхаа алгаар жигд дарж нягтруулна. Үрээр тариалахад 1 м.кв талбайд 500 г үр буюу үрийн тарьц шаардагдана. Тарьц ба үр суулгах үед агаарын температур 18 хэм дулаан байх нь тохиромжтой. 12 хэмээс доош байж хэрхэвч болохгүй. Мөөг тариалж жил бүр арвин ургац авдаг мэргэжилтнүүд бууцны тарьцыг үрийн тарьцын нэгэн адил болтол гараар жижиглээд тарих хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг.
Хучлага хөрсийг дараах байдлаар бэлтгэнэ. Үүнд:
    -чийглэг байранд: элс 67-75, шаварлаг хөрс 25-33%, элс 50-70%, хүлэр 30-50%; шаварлаг 40-50%, хүлэр 50-60%, элсэнцэр, сулавтар хөрсөнд шаварлаг 20, шохойн нунтагласан чулуу 20, хүлэр 60% гэх мэтийн хэд хэдэн жор байдгаас хамгийн эхний хувилбар бэлтгэхэд ихээхэн хялбар. Хүлэртэй нутагт шилжилтийн хүлэр (рН 5.6-6.4)-70, дутуу шатсан шохойн юм уу нунтагласан шохойн чулуу 20, ус 20 хувь байхаар жигнээд хооронд нь хольж хутгадаг.
     Хучлага хөрс нь мөөгийг тэжээхийн хамт ургуулах хөрсний чийглэгийг тогтмол барьж байх зориулалттай. Иймээс түүнийг байнга чийгтэй байлгана. Хучлага хөрсийг чийглэх үед нэг ч дусал ус ургуулах хөрс рүү нэвчиж болохгүйг анхаарах нь чухал. Хөрсний чийглэгийг алдагдуулахгүй тогтмол барьж байхын тулд хучлага хөрс хийлгүйгээр хөрснийхөө дээд талыг сониноор бүтээх, поролоноор хучих зэрэг арга хэмжээ авч болно. Сониноор хучихад амархан хатдаг учраас өдөр бүр түүнийг шүршин норгох шаардлагатай бол поролоныг сайтар чийглээд тавихад 5-7 хоногт дахин услах шаардлагагүй. Хучлага хөрсийг анхнаас нь сайтар чийглэсэн бол нэг cap болоход түүнийг услах шаардлага гардаггүй. Энд дараах зүйлийг анхаарвал зохино. Ургуулах хөрсөндөө тарьц, үрээ суулгасны дараа 18-22 хоног поролон юм уу, сониноор хөрсөө бүтээж байгаад тэдгээрийгээ хуулж аваад хучлага хөрсөөр хучихад мөөгний ургалт эрс түргэснэ. Дэвсгэр хөрснөөс гарч байгаа мөөгөн толбоны хэмжээ 3-5 см болоход хучлага хөрсөөр хучих нь зохимжтой. Мөөг хучлага хөрсийг нэвтлэн гарч ирэх үед хучлага хөрсийг нийт гүний хэмжээгээр сийрүүлж өгнө. Сийрүүлэхдээ хооронд нь 2 см зайгаар модонд хадсан хадаас юм уу, цэцэрлэгийн жижиг гар тармуур (10-12 см өргөнтэй)-ыг ашиглана. Энэ үед тарьцын үндэсний хоорондоо нийлж ширэлдсэн утаслаг хэсгүүд тасарна. Энэхүү арга нь хөрсийг нийтэд нь сийрүүлснээр хөрсөнд агаар орох хэмжээг өсгөж мөөгний ургалтыг түргэтгэнэ. Хучлага хөрсийг сийрүүлсний дараа хүлэмжийн агааржуулах нүх, сувгийг онгойлгож хөрсөн дээгүүр хучсан поролоныг хуулж аваад суулгацыг шүүрээр шүршиж угаана. Цаашид хөрсний чийгийг тогтмол хэмжээнд барьж чадвал мөөг түргэн боловсорч хураах үе шат эхэлнэ. Мөөгний хучлага дэвсгэр 70-80% чийглэгтэй, хүлэмж доторх температур 15-17 хэм байх нь түүний ургах нөхцөл болдог. Мөөгний үндэсний хэсгийг хөрснөөс салгалгүйгээр далбангийн доод талаар тайрах замаар зуны турш 3-4 удаа ургац авч болно.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats