Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хүлэмжийн материал
     Практик амьдрал дээр хүлэмжийн яс мод буюу араг биеийг мод, төмөр, хөнгөн цагаан, хуванцар материалаар хийж байна. Хүлэмжийн араг биеийг дээр үеэс модоор хийж ирсэн бөгөөд мод нь  дулаан муу дамжуулдаг, боловсруулахад хялбар, харин удаан ашиглагддаггүй, байнга засвар шаарддаг. Модон материал халахаараа хүлэмжийн дотор талд хортой хий ялгаруулдаг муу талтай. Модон араг биеийг шилтэй таазаар юм уу нийлэг материалаар битүү хучиж битүүлдэг. Модоор араг биеийг хийсэн тохиолдолд шиллэсэн жаазаар хана, дээврийг битүүлэх нь илүү тохиромжтой. Энэ үед налуу дээврийн наран талд агааржуулахад зориулан онгойх цонх гаргаж өгдөг. (1.4-1.6 дугаар зургийн хүлэмжийг үз)
     Хүлэмжийн араг биеийг төмрөөр гагнаж хийх арга өргөн дэлгэрсэн бөгөөд мод, төмрөөр хийсэн тохиолдолд чийглэгээс хамгаалах зорилгоор тосон будгаар буддаг. Албан байгууллага, томоохон хашаатай айл өрх төмөр, хөнгөн цагаан булан төмөр юм уу зэвэрдэггүй ган хоолойгоор хүлэмжийн араг биеийг хийвэл удаан эдлэгдэнэ. Булан төмрөөр араг биеийг хийвэл хана, дээврийг шилтэй жаазаар, зэвэрдэггүй ган хоолой матаж хийсэн бол нийлэг материал хучлагаар битүүлбэл сайн байдаг. Жаазыг хийхдээ шилийг аль болохоор бага эвдэх юм уу 4 мм-ийн зузаан шилийг сонгох, жаазыг шилний хэмжээний стандартанд тохируулан хийх нь чухал. Төмөр хөнгөн цагаан материал наранд өөрөө их халдаг муу тал бий. Хүлэмж барих айл өрхүүд зэвэрдэггүй ган юм уу хөнгөн цагаан хоолойгоор араг бие хийж хүлэмж (1.5 –р зураг) баривал хямд, шаардлагатай үед салгаад ч хадгалах боломжтой байдаг. Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнд үйлдвэрлэдэг зурагт үзүүлсэн зэвэрдэггүй гангаар хийсэн хүлэмжийн араг биеийг хийхэд 2,5 см өргөн, 6 м урт, газрын хөрснөөс эгц босоо хананы өндөр 1,4 м, оройгоороо 1,2 м өндөр маш аятайхан хүлэмж болно. Энэхүү хүлэмжийг битүүлэхэд зориулсан 7,4м өргөнтэй полиэтилен нийлэг хучлагаас 12 метрийг Улаанбаатар хотод байгаа барилгын дэлгүүрээс худалдаж авах хэрэгтэй бөгөөд оройн хэсгийг нь нум хэлбэртэй болгон матисан хоолойнуудыг шулуун хэвтээ байрлалтай хоолойтой боолтоор боож бэхлэнэ. Ийм хүлэмжинд оройд 1, доод мөр болон ёроолын хэсэгт тус бүр 2, нийтдээ 5 ширхэг хэвтээ, нийт 14 ширхэг орно. Матисан хоолойнуудын хооронд 80-70 см зай гаргаж байрлуулвал бүтээлгийг тогтооход нэн тохиромжтой болдог. Дээгүүр нь нөмөргөсөн нийлэг материал хучлагын тал бүрлүү унжиж илүү гарсан хэсгийг газарт булж шороогоор сайтар дарж өгвөл салхинд сугарч гардаггүй бөгөөд хүлэмжийн хучлагыг нөмөргөсний дараа босоо хананаас доод, доод хэсгийг тойруулан сунадаггүй материалаар бүслэж өгвөл салхинд хучлага дэрвэлзэж араг биеэс хөндийрдэггүй сайн талтай. Ийм хүлэмжийн үүдний эсрэг талд агааржуулах цонх гаргаж өгнө. Хүлэмжийн голоор хүн явахад зориулан 50-60 см өргөнтэй гудамж гаргаад хоёр талд нь 20-25 см өндөр банзан хашлага хийж сайжруулсан хөрсөө уг хашлага руу асгаж, өөрөөр хэлбэл тус бүр 0,9-1 м өргөнтэй хөрсөн зурвасын нэг талд өргөст хэмх, нөгөө талд улаан лоолио хоёр эгнээгээр хооронд нь 60-80 см зайтайгаар тариалах боломжтой гэсэн үг. Нэр дурьдсан хоёр ургамлаас гадна байцаа, амтат чинжүү болон бусад ургамлыг тариалж болно.
Сүүлийн үед хуванцар материалаар хүлэмжийн араг биеийг хийж эхлэж байгаа бөгөөд манай оронд хараахан нэвтрээгүй байна.
     Хүлэмжийн араг биеийг битүүлсэн жаазтай шилэн ба полиэтилен бүрхүүл нь түүний дотор талд нарны гэрлийг чөлөөтэй нэвтрүүлж, хүлэмжийн дотор үүссэн дулааныг хадгалах үүргийг гүйцэтгэнэ. Хүлэмжинд туссан нарны гэрэл, үүссэн дулаан газрын хөрсөн дээр богино долгионы гэрлийн шарлага хэлбэртэй очиж тарьсан ургамлыг амьдруулж ургуулах фотосинтезийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг.
     Хүлэмж дотор үүссэн дулаан хүйтэн орчин руу эхлэн тархдаг бөгөөд энэхүү тархалтыг дулаан дамжуулалт хэмээн нэрлэж аливаа биет болон агаарын дулаан дамжуулалтыг техникт фикентшерийн “К” коэффициент гэгчээр илэрхийлдэг. Араг бие, жаазанд шил тогтооход ашигласан зөөлөвч, шавсан материалын хувьд “К” коэффициент аль болох бага байх шаардлагатай, өөрөөр хэлбэл дулааны алдагдал багатай байвал хүлэмж сайн болжээ гэж үзнэ.
     Зуны цагт хүлэмжийн дотор тал хэт халах, хавар намрын улирал, зарим хүйтэн шөнө ургамал хөлдөхөөс хамгаалж хучлага нөмөргөдөг. Хучлага нь хөвөнтэй даавуу, эсгий, сүлжсэн хулс байж болно.
     Мод ба металлын алинаар ч араг биеийг хийх хүлэмжинд 60-80 см зузаан суурь цутгаж өгвөл тариалсан ургамлыг гаднын нөлөө, борооны уснаас сайн хамгаалахын дээр дулаан алдалт багасдаг сайн талтай. Хүлэмжний суурийг тоосго өрж юм уу бетон цутгаж хийгээд түүнийгээ полиэтиленээр дотор, доод талыг нь хучиж өгөх хэрэгтэй. Энэ нь хүлэмж доторхи хөрснөөс гадагш чийг алдах, дулаан байхад сайн нөлөө үзүүлнэ. Хүлэмжний хаалганы доод яс мод өндөрлөсөн суурьтай биш газартай нийлж байхаар хийвэл хүлэмж рүү цэцэрлэгийн жижиг тэргэнцэр түрж оруулж гаргах, ногоочин өөрөө орох гарахад хялбар байдаг. Хүлэмжийг битүүлэх шил 4 мм-ээс бага зузаантай бол гадны нөлөөнд амархан хагардагийг анхаарч дурьдсан хэмжээнээс зузаан юм уу дотроо металл утастай хагардаггүй шилээр шиллэвэл удаан хугацаагаар ашиглагдах бөгөөд хэрэв давхар шилээр хийвэл дулаан алдалтыг 40-50 хувь багасгадаг байна.
     Хүлэмжний араг биеийг бөх материалаар хийсэн бол хананд нь хөнгөн тавиур маягийн зүйл байрлуулж, ногоо үрслүүлэх, хэрэглэх багаж, үр, бордоогоо тавьж болно.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats